ХСИС-ИЙН НУТ-ИЙН ДЭД ПРОФЕССОР,
ДОКТОР (Ph. D), ХОШУУЧ Ц.БАТБАЯР.
СОЁЛЫН АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН НӨХЦӨЛ ДЭХ ТҮҮХЭН АРД ТҮМНҮҮДИЙН ҮҮРЭГ
ОРШИЛ
Уг асуудлыг ярихын тулд хэд хэдэн түлхүүр үгийг ашиглах шаардлага гарах бөгөөд ерөөс аж үйлдвэржилтийн хувьсгал, аж үйлдвэржсэний дараах буюу мэдлэг, мэдээллийн хувьсгал болон хөдөлмөрийн дараах, түүхийн дараах, соёл иргэншлийн дараах гэх мэт нийгмийн өөрчлөлтийн пост шатны онолын асуудал хөврөн үргэлжилдэг. Аж үйлдвэржсэний дараах болон постмодерны үзэл баримтлал нь барууны нийгмийн өөрчлөлтийн гол хоёр тэнхлэг болон оршихдоо нийгмийн өөрчлөлтийн асар их потенциалыг өөртөө тээж, байхын зэрэгцээ эдийн засгийн шинэ суурийг тавьсан юм. Өөрөөр хэлбэл мэдлэгт тулгуурласан эдийн засаг буюу мэдлэгийн нийгмийн суурийг тавьжээ. Тэр суурь МХТ-ийн техник эдийн засгийн үндэслэл дээр суурилсан пост аж үйлдвэржилтийн үндсэн суурийг тавьж, түүн дээр соёлын бүтээгдэхүүн-үйлчилгээний бүхэл бүтэн бүтэц, сүлжээ, виртуаль орчин, шинэ мэдээллийн иргэншлийн үнэт зүйлс бүрэлдэн тогтож байна.
Мэдээлэлжсэн нийгмийг хэрхэн байгуулах талаар Женев болон Туниссийн тунхаглалын зарчим боловсрогдож, ОХУ гэхэд өөрийн стратегиа нэгэнт боловсруулаад байна[1]. Ийм нөхцөлд манай орон өөрийн эрдэмтдийн оюунд суурилсан өвөрмөц нэгэн загварыг боловсруулахгүй бол, мэдээллийн энэ их урсгалд уусан алга болох нөхцөл нэгэнт бүрэлджээ. Эндээс үзэхэд үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал амин хэсэг бол мэдээллийн аюулггүй байдал мөн.
Эдүгээ улс үндэстнүүд оюун санааны хувьд хил хязгааргүй болсноор хэн ч, хэзээ ч, яаж ч үндэстний оюуны их санд нэвтэрч, оюуны колончлол хийх боломтой болсон. Үүгээрч барахгүй мэдээлэлжсэн нийгмийн утга учир, мөн чанар, үнэт зүйлсийг бүрэн ухамсарлаагүй, асуудал нь цэгцрээгүй улс орнуудад РR хийх, тархи угаах, сүлжээг зүй бусаар ашиглах явдал ихээр гарах боллоо. Ийм нөхцөлд нээлттэй нийгэм, ардчиллын тухай бид дахин нэг бодож үзэх цаг болсон бөгөөд үүнд төрийн хар хайрцагны бодлого туйлаас их хэрэгтэй нь ойлгомжтой.
ҮНДСЭН ХЭСЭГ
Энэ удаад онолын парадигмын нарийн асуудал ярихаас татгалзаж, өөрийн бодлыг соёл судлаач эрдэмтэдтэйгээ хуваалцахыг зорилоо. Эндээс ямар нэгэн боломж, асуудлын сэжим, хамтын үр дүн гарна гэдэгт бид итгэлтэй байгаа.
К.Маркс хүн ертөнцийг танин мэдэх болох хоёр том салаа бий гэжээ. Тэр нь хүний тархи, зүрх хоёр дээр суурилсан ойлголтоор сэтгэж хөгжихүй, дүрээр сэтгэж хөгжихүй мөн. Ойлголтоор сэтгэгдэж буй бүх зүйл шинжлэх ухаанд, харин дүрээр сэтгэгдэж буй бүх зүйл урлагт хамаараах бөгөөд дүрээр сэтгэхүйн ноён оргил нь шинжлэх ухаан бол ойлголтоор сэтгэж хөгжихүйн ноён оргил нь шашин билээ. Ийм нөхцөлд гаригийн хэмжээнд соёлын орон зайд хүрээгээ тэлэх үйл явцыг гол механизм нь дүрээр сэтгэгдэж буй тэр ертөнц бүхэлдээ мөн[2]. Хүний сэтгэлд хамгийн ойрхон тусдаг нь дүрээр сэтгэж хөгжихүй буюу урлаг бөгөөд мэдээллийн дайны технологи дахь хүчтэй зэвсэг болжээ.
Өнөөдөр дэлхий ертөнц дээрх мэдээллийн дайны технологиуд эрс өөрчлөгдөж, улам нарийн, далд хэлбэр, нууцлагдамал байдалд шилжиснээр хамгийн аюултай хаана ч, хэзээ ч, хэн ч, тэсэлж болох цөмийн зэвсэг бол мэдээлэл мөн. Өөрөөр хэлбэл соёлоор нь дамжуулж улс орныг эзлэх, соёлоороо түрэмгийлж улс орны эдийн засгийг эзлэх хоёр сртатеги зэрэгцэн үйлчилж буй нөхцөлд манай монгол ямар байр суурьтай байх нь тун сонирхолтой асуудал юм.
Соёлоороо бид дэлхий ертөнцийг эзэлж чадах уу гэдэг асуулт гарч ирж байна. Эсвэл бусдын соёлд уусан соёлын харилцан ярилцах процесст мөн чанараа алдах уу, эсвэл соёлын синхронизацид орох уу, ер нь юу болох бол гэдэг бодол монгол хүн бүрийн сэтгэлийг зовоох нь мэдээж юм.
Өргөн утгаараа соёл гэдэг бол эдийн засгийн хамгийн том салбар мөн. Ялангуяа түүхэн ард түмнүүдийн энэ их уламжлал, үндэсний оюуны сан хөмрөг, тэдний ертөнцийг үзэх үзэл, эх газрын хатуу ширүүн уур амьсгал, далайн төвшнөөс 1500 метрийн өндөрт байгаа байдал, байгаль цаг уур, газар зүйн тогтоц, эко орчин, нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй, оюунаас оюунд хүнээс хүнд, айлаас айлд морин дэл дээгүүр өртөөлөн ирсэн мэдлэг, мэдээлэл, оюун чадамжаараа монгол хүн дэлхийд 5 дугаарт орж байгаа байдал зэрэг үнэлж баршгүй олон хүчин зүйл, их боломжийг тээгч ард түмэн билээ. Үүнийг хэрхэн бүтээгдэхүүн-үйлчилгээ болгох вэ гэдэг нь л эдүгээ хамгийн чухлаар тавигдах хар хайрцагны бодлогын нэгэн хэсэг байх ёстой.
Энэ асуудалд хариу өгөх үүрэг, функцтэй төрийн байгууллага байгаа ч, гурав дахь мянганы эрдэмтдийн нийгэм буюу мэдлэгийн нийгэмд асуудал арай өөрөөр тавигдах боллоо. Мэдлэгийн нийгмийн нөхцөлд барууны зарим авторууд постсоциалист орнуудын их хурлын гишүүд манай нэгдүгээр курсын оюутны хэмжээнд хүрэхэд тэдэнд хэдэн арван жилийн цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардлагатай гэж бичиж байгааг бид юу гэж ойлгох вэ???. Бүх соёлт ертөнц Аж үйлдвэржсэний дараах хөгжлийн загварааар замнаж байхад зарим улс орнууд аж үйлдвэржилтийн хуучирсан загварын хойноос үхэлдэн тэмцэлдэж байна ???.
Эл асуултад хариу өгөх соёл иргэншлийн үндсэн парадигм бол АЖ ҮЙЛДВЭРЖСЭНИЙ ДАРААХ НИЙГМИЙН ТУХАЙ ОНОЛ[3] түүний зэрэгцээ онолын чиглэл болох ПОСТМОДЕРНИЗМЫН ОНОЛ[4] мөн. Үүнийг нийгмийн философийн үүднээс зангидаж, дүр зургийг нь гаргах, ирээдүй судлалын салбарыг хөгжүүлэх, глобал төвшинд сэтгэж, сэрж чадах тийм өндөр хөгжсөн уураг тархи бидэнд үгүйлэгдэж байна. Нөгөө талаас нийгмийн өөрчлөлтийн тухай онолын эл асуудалд ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт хийж, үндэсний төсөл, хөтөлбөр боловсруулах, тэгэхдээ нийгмийн оролцоог хангах явдал сул байна. Энэ олон зангилаа асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд бидний хамтын ажиллагаа чухал байна. Хэрэв болохгүй бол гадны томоохон системийн шинжээч эрдэмтдийг урьж зөвлөгөө авах хэрэгтэй. Яагаад П. Дракер гэх Австрын эрдэмтэнд Солонгосчууд хөшөө босгоод байна вэ???
Ирээдүйн тухай соёлын жигдрэлийн бололмжит 4 хувилбарын хоёрт барууны соёлжуулагч, жигдрүүлэгч нөлөөн дор аливаа өвөрмөц байдал арилах тухай, төвийн соёлын үлгэр загварыг аажмаар шингээж, тэдгээрээр ханах ба урт хугацааны дараа орон нутгийн соёлын хэлбэрүүд устаж, түүхэн соёлын нэг төрөл байдал бүрэлдэх процессын тухай ярих боллоо[5]. Ийм нөхцөлд дээрх хоёр онолын парадигмыг удирдлага болгож, үндэсний соёлын үнэт зүйлс, биет болон биет бус соёлын өв, уламжлалт мэдлэг ухаан, ёс заншил, тоглоом наадам, аж ахуй, бөө мөргөл, менталитет, нүүдэлчдийн оюун санааны феномен, тэдний хүн ёс, хүн төрх, ёс суртахууны хосгүй үнэт чанар, зан төрх, ертөнцийг үзэх үзлийг судалж, хөгжүүлж, сурталчилах ажил нь соёл, урлагийн салбарын мэргэжилтнүүдийн үүрэг мөн.
Өөрөөр хэлбэл эдүгээ зарим улс орнууд ҮНБ тэй тэнцэх хэмжээний ашиг орлого, боломжийг ганцхан киногоор олж байгааг бид анзаарахгүй өнгөрч үл болно. Эдүгээ соёлын аж үйлдвэржилт нь эдийн засгийн асар их боломжийг өөртөө тээх боллоо. Улс орнуудад креатив хот, дүүрэг болохын төлөөх тэмцэл өрнөж, креатив мэргэжилтнүүдийн үнэ цэнэ ч эрс өсч, мэдээллийн ажилтнууд нь соёлын аж үйлдвэрлэлийн зүрх нь болоод байна.
Соёлын үйлчилгээний үйлдвэрлэл нь глобал нөхцөлд эдийн засгийн олон тулгуурт, солонгон бүтцийг үүсгэх үндсэн нөхцөл мөн[6]. Дэлхийн мэдлэг, мэдээллийн глобал зах зээл дээр өрсөлдөх давуу талыг хэрхэн бий болгох вэ гэдэг бол соёлын бодлого, үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал билээ.
Эдүгээ улс үндэстнүүд даяршлын нөхцөлд улс орнууд хэлбэрийн хувьд улам бүр адилсах болсон бөгөөд агуулгын хувьд бол бүрч ондоосох, дангаарших хандлага ажиглагдаж байна. 2013 онд гарсан төрөөс соёлын талаар баримтлах бодлогын зорилтын 2.1.1-т үндэсний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх, 2.1.3-т соёлын өвийг хадгалж, хамгаалах өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх, 2.1.4-т үндэсний соёл урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах[7]гэсэн заалтуудыг үндэс болговол бид эдүгээ дэлхийн мэдээллийн глобал зах зээл дээр өөрийн орон зайг эзэлж, мэдээллийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр өрсөлдөх давуу талыг бий болгох боломж байна.
Ер нь улс орнуудын ажил мэргэжлийн түүхэн муруйг авч үзвэл фермер, аж үйлдвэрийн ажилчин гэсэн шатлалаас өргөн масштабын сансарын эринд шилжиснээр технократ, меритократ, креатив мэргэжилтэн, мэдээллийн ажилтан гэсэн шинэ давхраажилт үүсэж байгаа нь бүхэлдээ соёлын салбарын ажил, мэргэжлүүд мөн.
Иймээс харж, сонсож буй виртуаль хүний эрин үед түүхэн ард түмнүүд ялангуяа нүүдэлчид бид түүхээ харуулах, сонсгох, ярих, бичих, унших, үүгээрээ эзлэн түрэмгийлэх, орон зайд хамрах хүрээгээ өргөжүүлэх, уламжлалт мэдлэгийг инновацид оруулах, пост эдийн засгийн онолыг эзэмших, мэдлэгийн нийгмийн байгуулах, үйлчилгээний технологитой нийгмийн философийг эзэмших нь зүгээр нэг салбарын асуудал бус улс орны эдийн засгийн стратегийн ач холбогдол бүхий тулгуур үйлдвэржилтийн асуудал мөн. Үүнийг л смарт төрийн тухай үзэл санаа гэх болов уу.
Нийгмүүд нэг ижил соёлын бүтээгдэхүүн-үйлчилгээг хэрэглэж, нэг цаг хугацаанд адилсаж буй нөхцөлд бидний үндэсний соёлын уламжлал улам бүр тодорч, баяжих, хөгжих, дэлхийн нийтэд хэрэгтэй бүтээгдэхүүн-үйлчилгээг бүтээж, өөрийн гэсэн дүр төрх, хэв маяг, донж, брэндээрээ дэлхийг байлдан дагуулж, төгс өрсөлдөөний мэдлэгийн зах зээл, сансарын орон зай, технологийн шинэ шийдэл, шинэ програм, шинэ сүлжээний болон системийн загвар, шинэ соёл иргэншлийг бүтээснээрээ бид Эзэн Чингисийн удам болохоо даруухан харуулах хэрэгтэй. Энд дан ганц эдийн засгийн өнгөц ашгийг яриагүй байна. Эдийн засгаас дутахгүй нэг чухал хүчин зүйл болох соёлыг тухай ярж байгаа юм. Хүний нийгэм нэгэнт эдийн засгийн дараах шатандаа шилжсэн байхад бид эдийн засаг ярих нь гол биш, харин эдийн засгийн философи ярих нь л чухал болжээ.
Иймээс бид мэдээлэл харилцааны боловсруулах арга зүйг (МХБАЗ) хувийн зорилт бус зэвсэг болгож, нүүдэлчдийн өв соёлын дэлхийн глобал мэдээллийн зах зээлд хүний таашаал хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн-үйлчилгээг бий болгох, ингэхийн тулд хүн болгон өөрийнхөө мэдлэг, санааг нэмж, баяжуулах, соёлын үйлчилгээний салбарын анхаарлын төвд авах, биет болон биет бус соёлын өвийг хамгаалах, хэлбэржүүлэх, виртуаль орон зайд оруулж хөгжүүлэх хүрээнд интернеттэй холбоотой асуудлаар олон улсын төвшинд улсынхаа бодлогыг тодорхойлж, явуулах үүрэгтэй.
Үүний тулд МХТ-т суурилсан үйлчилгээг өөрсдийн иргэдэд үзүүлэх, гадаад зах зээлд өөрийн соёлын өвөрмөц тал, олон талт тогтоцийг гарган тавьж, интернетэд нүүдэлчдийн соёлын онцлогийг харуулсан төслүүдийг дэмжих, иргэншил хоорондын харилцан ярианд дэмжлэг үзүүлэх, харилцан ойлголцож, хамтран ажиллах, байгаль орчны онгон тагшин байдлыг хамгаалах зэрэг асар олон төслийг хэрэгжүүлэх боломж байна.
Аж үйлдвэржсэний дараах нийгмийн онолчид нийгэм өнөөдөр толгойгоо эрж байна гээд уг толгойлогчид нь үргэлж байраа сольж байдаг тухай[8] тэрхүү парадигм нь өнөөгийн монголын нийгмийн бодит байдлыг шинжлэхэд соёлын парадигм мөн гэж үзэж байна.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД
Програмист нэг удаа програм зохиогоод насан туршдаа хөгжүүлж байдаг шиг, монголчууд бид нэгэнт програмчлагдсан үндэстэн атал яагаад үндэсний соёлын үнэт зүйлсээ хөгжүүлэхгүй байна вэ гэдэг нь даярчлалын, америкчлалын, интернационалчлалын, баруунжилтын, сүлжээний капитализмын, ядуугаар хэлбэл үүрэн холбооны нийгмийн нөхцөлд нийгмийн организм дархлаагаа алдаж, хэнч биш, юу ч биш, хүн ч биш, хүн сүрэг болох аюул байж болох юм. Чингисийн удам хүн сүрэг болж төгсөх үү, эсвэл гэдэг нь өөрөө олон асуултын хариултыг тээж байна. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн өв соёлыг судалдаг асар олон гадаадын эрдэмтэд байхад бид өөрсдийгөө судалж байгаа ч ямар өнцгөөс хаанаас нь, яаж, хэрхэн судлах вэ гэдэг нь онол арга зүйн тулгамдсан асуудал, нөгөө талаас бид өөрсдийгөө эргэж нэг харах цаг болсны илэрхийлэл мөн. Орчин үеийн дараах ертөнц өөрөө нийгмээр нөхцөлдөх болсон учир НИЙГЭМ гэдэг энэхүү том үсгээр бичигдэх судлагдахуун бол маш энгийн атлаа танин баригдахгүй ертөнц мөн.
Аж үйлдвэржилтийн ертөнцөд том үсгийн капитализмыг ойлгосон хүмүүс амжилтанд хүрсэн бол капитализмын дараах нийгэмд нийгэм гэдэг томоор бичигдэх судлагдахууныг аж үйлдвэржсэний дараах нийгмүүд илүү ихээр сонирхох боллоо. Энэ том үсгийн нийгмийн мөн чанарыг ойлгож чадвал харин улс орон хөгжлийн дардан замдаа орлоо гэсэн үг. Үйлчилгээний технологитой нийгэм дэх соёлын аж үйлдвэржилтэд нүүдэлчдийн эзлэх байр суурийг тодорхойлох нь соёл судлаач эрдэмтдийн өмнө тулгамдаж буй үндсэн асуудал, энэхүү үндэсний VII их семинарын хэлэлцэх асуудал мөн. Аж үйлдвэржсэний дараах нийгмийн онолын олон хувилбарт шинжийн давуу тал нь аль ч үндэстэн угсаатан, нийгэм-соёлын бүлэг, хамтлаг, тэр бүү хэл ганц хүн ч өөрийн нөхцөлд тааруулан бүтээлчээр танин мэдэж, хөгжүүлж болдог, нөгөө талаас амьдралаас өөрөөс нь урган гарсанд орчин үеийн эдийн засгийн нийгмийн онолын давуу талууд оршдог.
Өргөн утгаараа НИЙГЭМ-СОЁЛ-ыг танин барих нь бүхнийг танин мэдсэн хэрэг мөн. Энэ нь ертөнцийг эзэмшсэн хэрэг мөн. Эдүгээ танин мэдэх чадвараараа ялгарсан шинэ анги үүсч буйг бид анзаарахгүй өнгөрч болохгүй юм. Боловсролтой хүний нэг гол шинж бол оршин буй нийгмээ танин мэдэж, мэдэрсэн байх явдал бөгөөд мэдрэх гэдэгт бид глобал буюу хэлбэрийн өөрчлөлтийг илүү ихээр судлах зайлшгүй шаардлага бий боллоо. Баруунжилтын нөхцөлд түүхэн ард түмнүүдийн өрсөлдөхүйц давуу тал нь цаг хугацаанд хуримтлагдсан туршлага, мэдлэг, мэдээллийн хуримтлал болох бөгөөд түүнээ хэрхэн баялаг болгох нь соёлын аж үйлдвэржилтийн үндэсэн нөөц мөн.
2014.04.14
Анхаарал тавьсанд баярлалаа.
[1] Ц.Батбаяр “Мэдээлэлжсэн нийгмийн тухай Женевийн болон Туниссийн тунхаглалын зарчим” УБ., 2014
[2] Аудио болон видео буюу сонсож, харж буй хүний мэдээллийн иргэншил дэх мэдээллийн хүний, үйлчилгээний хүний эрин үе ирээд байна.
[3] Ц.Батбаяр “Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн философи шинжилгээ” (Дисс) УБ., 2013
ШУАФСЭХ. Эрдмийн ертөнц. УБ., 2012. 41-48 дахь талд Онолын мэдлэг, технологи, инноваци, үйлчилгээийн асуудлыг хөндсөн байгаа бөгөөд соёлын аж үйлдвэржилтийн онол арга зүйн үндсэн парадигм эдгээр түлхүүр ойлголт дээр тулгаарлаж, мэдлэгт тулгуурласан нийгмийн суурийг тавьж байгаа билээ.
[4] [4] Ц.Батбаяр “Аж үйлдвэржсэний дараах нийгмийн тухай үзэл баримтлалд хийсэн философи шинжилгээ” (Дисс) УБ., 2013. 24-27 дахь тал
Мөн Mongolica Ulaanbaatar. УБ., 2012. Volume 3 36 дахь талд буй зохиогчийн бичсэн “Аж үйлдвэржсэний дараах нийгмийн үндсэн хүрээнүүдэд гарч буй өөрчлөлтөд хийсэн философи, социологийн дүгнэлтүүд” өгүүлэлд Соёлын хүрээнд постмодернизмын үнэт зүйлс гүнзгий философи утгыг илэрхийлэх болсон нь нийгмийн өөрчлөлтийн суурь эдийн засаг гэж үзэх уламжлалт ойлголтыг өөрчилж, эдийн засаг нь бодгаль хүн дээр суурилсан шинэ соёлын үнэт зүйлсээр солигдож, хүмүүс юуг сонирхож, мэдэрч хийх болсон бэ? Гэсэн асуултад хариулагдаж буй бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс үйлчилгээний үйлдвэрлэлд шилжсэн тийм дүр төрхийг илэрхийлэх болсон байна. Уламжлалт ИЗМ –ууд нь сэтгэлгээг загварчилж байдаг бол орчин үеийн дараах пост модернизм нь үзэл суртлын агуулгаа өөрчилсөн тэс өөр соёлын хэлбэр, нөхцөл байдлаар солигдож, аливаа зүйлс эсрэг болон тэсрэг төлөв байдалдаа шилжиж буй зүй тогтлын илэрхийлэл мөн гэжээ.
[5] Ц.Батбаяр “ Философи” УБ., 2005. 130 дахь тал
[6] Ц.Батбаяр “Аж үйлдвэржсэний дараах нийгэм үйлчилгээний технологитой нийгэм болох нь” УБ., 2014
[7] БСШУЯ. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого. УБ., 2012. 6 дахь тал
[8] МУИС.НШУС.Философийн салбарын 45 жилийн ой. Философи: Онол, практик. УБ., 2010. 227 дахь тал